Майкл Жексоныг нас барсаны дараа гарсан This is it киног өчигдөр л
үзэх боломж гарлаа. Өргөөгийн жижиг танхимд нь гарч байгаа бөгөөд
энэхүү кинонд ашиглагдсан бичлэгүүд нь Майклын Лондонд хийх байсан
тоглолтын бэлтгэлийн үеэр буюу Лос Анжелес хотын Staples ордонд
хийгдсэн бичлэгүүдийг голчлон оруулжээ. Ер нь бол хүмүүс Майклыг
гайхамшигтай гэдгийг нь мэддэг ч гэсэн түүний дотоод сэтгэлд юу нуугдаж
байдаг, ямар сэтгэлгээтэй хүн бэ гэдгийг нь тэр бүр мэддэггүй байх. Энэ
баримтат кинонд тэрхүү хүмүүсийн тэр бүр үзэж хараад байдаггүй зүйлсийг
мэдрүүлэхийг илүү зорьсоноороо онцлог болжээ. Майкл бол үнэхээр бүтээлч
хүн, өөрийн дууг хүмүүст зөвхөн дуулахаас илүүтэйгээр өөрийн бүжиг,
зохиомж гээд бүхий л тал дээр багтайгаа нягт ажиллаж байдаг сая хүмүүст
хамгийн их таашаалыг мэдрүүлж чаддаг юм байна гэдгийг энэ киноноос харж
болно.
Хүн бүр бие биенээ хайрлах хэрэгтэй, хүрээлэн байгаа орчин эх
дэлхийгээ хайрлаасай, тэгэхгүй бол бид өөрсдөө энэ дэлхийгээ устгаж
сүйрүүлээд дууслаа шүү дээ гэж бодоод би энэ дууг (Earth Song) зохиосон
хэмээн ярьж байсан. Энэ бол 1995 онд гарсан дуу юм. Гэтэл энэ хүнийг
тэгж бодсоноос хойш буюу бүхэл бүтэн 14 жилийн дараа л дэлхийн улс
орнуудын төлөөлөгчид Данийн Копенгагенд нилээн томоохон хэмжээний
уулзалт хийж дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцэж байдаг.
Өөрийн хоолойны цар хүрээг жинхэнэ утгаар нь мэдэрч өөрийн дууг ямар
үед, яаж дуулвал хүмүүст илүү хүрэх вэ гэдгээ өөрөө төгс утгаас нь
эзэмшжээ. Манай уран бүтээлчид энэ баримтат киноноос тоглолт хэрхэн
бүтдэгийг жинхэнэ утгаар нь үзэж болох байх. Амьд хөгжмийн хамтлаг,
бүжгийн хамтлагийн шалгаруулалт, хөгжмийн дуугаралт, гэрэлтүүлгийн баг,
тоглолтын ерөнхий найруулагч нь уран бүтээлчтэй хэрхэн хамтарч ажиллаж,
хөгжмийн найруулгыг хэрхэн тухай бүрт нь өөрчилж зохицуулалтыг хамгийн
гол нь "мэргэжлийн” түвшинд хийдэг вэ гэдгийг тодоор харуулчихаж. Наад
зах нь л "бурхан та нарыг ивээг”, "та нар үнэхээр сайн ажиллаа” гэдэг
үгийг алдарт уран бүтээлч маань 4-5 удаа хэлж бусад нөхөддөө хэрхэн
урам хайрлаж байгааг манайхан суралцаасай. Хамгийн сүүлд тэрбээр
бэлтгэлээ дууссаныхаа дараа бүх багийн нөхдүүдээ цуглуулан бид бол нэг
гэр бүл, бид үзэгч бүрт таалагдаж, тэдэнд хамгийн дээд зэргийн кайф
өгөхийн тулд бид өөрсөддөө байгаа бүх хүчээ зориулаарай, бид үүний
төлөө л ажиллах ёстой гэж байгаа нь нэгийг бодогдуулав. Энгийн
сонсогчдод ч, уран бүтээлчдэд суралцах know how ууд ихтэй баримтат кино
байлаа гэж.
|